モンゴル語(Монгол хэл)

КЭИО ГИЖҮКҮГИЙН ШИКИ АХЛАХ СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Юкичи Фүкүзавагийн "Кэио гижүкүгийн сургалтын төвөө үүсгэн байгуулсан зорилго"

Кэио гижүкүгийн сургалтын төв бол хаа сайгүй байдаг жирийн сургуулиудын нэг биш. Тус сургуулийн зорилго нь суралцагч, төгсөгчдөө Япон орон дахь "Эрхэмсэг жудгийн оргил", "Эрдэм буяны жишиг үлгэр" болохуйц хүмүүжүүлэхэд оршино. Тухайлбал; сурагч, төгсөгчдөд гэр бүлийн амар амгалан байдлаа бататгаж, нийгэмд бие даан амьдрах чадварыг эзэмшүүлдэг. Түүгээр үл барам эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахын утга учир юунд орших вэ гэдгийг ил тодоор ойлгуулж түүнийг зөвхөн амаараа биш, үйлдлээрээ, үйлсээрээ харуулж "бүх нийгмийг манлайлан удирдах" хүн болоосой гэж хүсдэг.

 1858 оны 10 дугаар сард Юкичи Фүкүзава (1835-1901) хуучин Эдо (өнөөдрийн Токио хот)-д голланд судлал явуулдаг багахан сургалтын төв байгуулжээ. Энэ хүн бол хожмоо "Эрдмийг эрхэмлэх ухаан", "Соёл иргэншлийн онолын тойм" хэмээх номуудаа хэвлүүлэн орчин үеийн Японыг олон талаар манлайлан явсан соён гэгээрүүлэгч, боловсролын зүтгэлтэн, сэтгүүлч юм. (Дашрамд дурдахад эл сургалтын төв хожим Англи судлалын төв болсон юм) Өнөөгийн Японы хувийн их сургуулиудын дотроос хамгийн их түүхтэй Кэио гижүкү их сургуулийг тэргүүлсэн "Кэио гижүкү" сурган хүмүүжлийн хуулийн этгээд байгуулагдах үндэс суурь ийнхүү тавигдсан билээ. Дээр дурдсан "Кэио гижүкүгийн сургалтын төвөө үүсгэн байгуулсан зорилго" нь Фүкүзава 1896 оны 11 дүгээр сард лекц уншихдаа хэлсэн зүйлээсээ хэсэгчлэн авсан өгүүлэмж болох төдийгүй Кэио гижүкүгийн сургалтын төвөө үүсгэн байгуулсан зорилгоо товч тодорхой илэрхийлсэн гэдгээрээ алдаршжээ.

Ийнхүү Кэио гижүкүгийн уламжлалыг залгамжилсан Кэио гижүкүгийн Шики ахлах сургууль Сайтама мужийн Шики хотод байгуулагдсан юм. Анх Кэио гижүкүгийн малын эмч болон мал аж ахуйн мэргэжлийн сургууль гэдэг нэрээр үйл ажиллагаа явуулж байсан энэ сургууль Кэио гижүкүгийн сургалтын төвийг төгсөгч Анзаймон Мацүнага (1875-1971)-аас 1947 оны 9 дүгээр сард Тохо аж үйлдвэрлэл судлалын хүрээлэнгийн нутаг дэвсгэр, барилгыг хандивт авснаар Шики нутаг руу нүүж ирэн дараа жил буюу 1948 оны 5 дугаар сард тэндээ Кэио гижүкүгийн тариалангийн ахлах сургуулийг үүсгэн байгуулав.

Түүнчлэн 1957 оны 4 дүгээр сараас ерөнхий боловсролын ахлах сургууль болж, нэрээ Кэио гижүкүгийн Шики ахлах сургууль хэмээн өөрчлөн бүтэн өдрийн сургалттай, ерөнхий боловсролын хөвгүүдийн сургууль болсон байна. Манай сургуулийг төгсөгчдийн ихэнх нь захирлаас нэр дэвшүүлсний дагуу Кэио гижүкү их сургуульд элсэн орох боломжтой байдаг. (Нэг жилд ойролцоогоор 250 хүн)

Өнөөдөр манай сургууль 107 345 м2-ын уужим талбай, тоноглол сайтай байгууламж, Мүсашино буюу дээр үеийн Токиогийн зах газрын дүр төрхийг сайтар хадгалсан үзэсгэлэнт ой шугуй тэргүүтэй байгалийн баялаг газруудтай. Ийм шилдэг орчинг бүрдүүлснээрээ уужуу тайван уур амьсгалыг бий болгож чаджээ. Суралцагсад тус бүрийн онцлог чанар болон идэвх санаачилгыг хүндэтгэн зөвхөн их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдээд зогсохгүй, их сургуулийн үндсэн боловсролын хөтөлбөрт хүрэхүйц мэргэжлийн чанар бүхий өвөрмөц онцлогтой хичээл явагддаг. Ийм чигийг баримталснаар манай сургуулийг төгсөгчид бодит амьдрал дээр өргөн салбарт амжилт гаргаж байгаа учраас дотоодод маш өндөр үнэлэгдэж байна гэдгийг дурдахад бахархалтай байна. Гэвч үүгээр санаа амрахгүйгээр манай Кэио гижүкүгийн Шики ахлах сургуулийн багш, ажилтнууд доор дурдсан зүйлсийг боловсролын зорилго, зорилт болгож, өдрөөс өдөрт ахин дэвшихийн тулд хичээн чармайж байна.

Сургуулийн боловсролын зорилго

Уг сургуулийн боловсролын зорилго нь Юкичи Фүкүзавагийн сэтгэлгээний өвийн дагуу сургалт явуулдаг Кэио гижүкү их сургуульд элсэх өмнөх шатны бэлтгэл болох ерөнхий ахлах ангийн боловсролыг хангахад орших ба үүний тулд тус сургуулийн багш нар дараах боловсролын дөрвөн зорилтыг биелүүлэхийг өдөр бүр хичээдэг. Үүнд:

1. Уг цогцолбор сургуулийн сурагч гэдгээрээ бахархаж байх
Өөрийгөө хүндэтгэх сэтгэлтэй, бие даах чадвартай, идэвх санаачилга, ёс жудагтай, хөгжөөнтэй сурагч болгож хүмүүжүүлнэ.
2. Эрдэм шинжилгээний үндэс суурийг эзэмшүүлэх
Ирээдүйд нийгмийн төрөл бүрийн салбарт сайн ажиллахын тулд, мөн уг цогцолборын Кэио гижүкү их сургуульд элсэхийн өмнөх үе шат болох эрдэм шинжилгээний үндэс суурийг эзэмшүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны чухлыг ойлгуулж, өөрийн идэвхээр хичээлээ хийх төлөвшилтэй болгоно.
Ялангуяа их сургуулийн үндсэн боловсролын хөтөлбөрт чиглэсэн сургалт явуулахад анхаарал хандуулан, сурагчдын сурлагын түвшинг нийтэд нь дээшлүүлнэ.
3. Сурагч тус бүрийн онцлог чанар, ур чадварыг нэмэгдүүлэх хичээлийн хөтөлбөр
Өнөөдөр нэг ангид цөөн тооны сурагч хичээллэдэг тул багш, сурагчдын хооронд хүнлэг харилцаа тогтоох боломжтой ба суралцагч тус бүрийн онцлог чанар, ур чадварыг нэмэгдүүлэх өвөрмөц онцлогтой хичээл явуулдаг.
4. Эрүүл мэндийг хамгаалах
Зөвхөн эрүүл мэндэд санаа тавьдгаар үл барам тухайн хүнд тохиромжтой биеийн тамирын хөтөлбөрт оролцуулж, эрүүл мэндээ хамгаалахад тусалдаг.

Манай сургууль Наритагийн нисэх онгоцны буудлаас 90 минут, Ханэдагийн нисэх онгоцны буудлаас 70 минут, метроны Токио буудлаас 50 минут, Икэбүкүро буудлаас 30 минут (аль аль нь вагоноор явахад) гэсэн байршилтай тул хаанаас ч хүрч ирэхэд хялбар байдаг. Мөн манай сургуулийн боловсролын чиг баримтлалыг чин сэтгэлээс дэмждэг хүмүүс цөөнгүй учраас зөвхөн Токио, Сайтама мужаар тогтохгүй Канагава болон Чиба зэрэг зайдуу оршдог муж бүс нутгаас ч сурагчид ирж суралцдаг.
Ихэнх сурагч өдөр тутмын хичээлээс гадна Сурагчдын эвлэл болон клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Сургуулийн баяраа тэмдэглэхэд гар бие оролцдог. Эдгээр бүхий л үйл ажиллагаанд Юкичи Фүкүзавагийн дэвшүүлсэн "Бие даан өөрийгөө хүндэтгэх" гэсэн сэтгэлгээг хөгжүүлэн, сурагчид аливаа зүйлсээ өөрсдөө зохион байгуулж заншсан байдаг.
Дээр дурдсан зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр сургуулийнхаа давуу талуудыг жагсаавал:

Шики ахлах сургуулийн арван давуу тал:

  • 1. Чөлөөт, мэргэжлийн өндөр түвшний хичээлтэй.
  • 2. Нэг ангид хичээллэх сурагчдын тоо цөөн.
  • 3. Кэио гижүкүгийн уламжлалтай.
  • 4. Кэио гижүкү их сургуультай харилцан холбоотой.
  • 5. Төрөл бүрийн клубт хамрагдах боломжтой.
  • 6. Дан хөвгүүд учраас бат бэх нөхөрлөлийг бий болгож чаддаг.
  • 7. Сургууль төгсөгчидтэйгөө холбоотой байдаг.
  • 8. Сурагчид идэвхтэй бөгөөд өөрсдөө бүхий л зүйлээ зохион байгуулдаг.
  • 9. Үзэсгэлэнт байгаль бүхий уужим дэвсгэр нутагтай.
  • 10. Тайван, нам гүм орчинтой хэрнээ тээврийн сүлжээ сайтай.

Түүхэн замнал

1858 он Юкичи Фүкүзава нь Голланд судлалын төв (хожмын Кэио гижүкү) байгуулав.
1947 он Анзаймон Мацүнага (1875-1971) нь Тохо аж үйлдвэрийн судлалын хүрээлэнгийн нутаг дэвсгэр, барилга байгууламжийг Кэио гижүкүд хандивлав.
Киэо гижүкүгийн малын эмч болон мал аж ахуйн мэргэжлийн сургуулийг Шики рүү нүүлгэв.
1948 он Кэио гижүкүгийн тариалангийн ахлах сургуулийг үүсгэн байгуулж, нээлтийн ёслолын ажиллагаа хийв.
1957 он Тариалангийн ахлах сургуулийн бүтцийг өөрчилж, Кэио гижүкүгийн Шики ахлах сургуулийг үүсгэн байгуулав.
1963 он 1 жилд 1 ангид суралцах сурагчийн тоог 250 болгов.
1968 он Сургуулийн шинэ байшин (өнөөгийн байшин) баригдаж эхлэв.
1972 он Сургуулийн дүрэмт хувцасгүй болгов. (Эхлээд зуны хувцсыг чөлөөлж, дараа жил нь мөн өвлийн хувцсыг чөлөөлөв)
1988 он "Кэио Шики каи" буюу сургууль төгсөгчдийн нийгэмлэг байгуулагдав.
1991 он Хичээлээс гадуур явагдах гадаад хэлний (19 төрлийн хэл) дамжаа хичээллэж эхлэв.
1996 он Кэио Шикигийн ойд мод тарих ёслоолын ажиллагаа хийв.
1998 он Үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг ёслон тэмдэглэв.
2008 он Үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой болон Кэио Гижүкү үүсгэн байгуулагдсаны 150 жилийн ойн ёслолыг тэмдэглэв.